Хүдрийн бутлагдлын оновчлол
Хүдрийн бутлагдлын оновчлол


    Одоогийн нөхцөлд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, зэс-молибден болон бусад ашигт эрдсүүдийг иж бүрэн ашиглах, “Монросцветмет” нэгдлийн харъяа хайлуур жоншны үйлдвэрүүдийг өргөтгөх, шинэчлэх, өндөр чанартай хайлуур жоншны баяжмалыг гаргах, шинэ орд газрыг эзэмших зэрэг зорилтууд тавигдаж байна. Үүнтэй уялдан газрын хэвлийг иж бүрэн ашиглах, хаягдалгүй технологийг нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудлууд тулгарч байна.  
Зэс-молибден, хайлуур жонш олбрлодог үйлдвэрүүдийн хувьд уул-геологийн нөхцөл улам бүр хүндэрсээр байна. Уулын ажил гүнзгийрэх тутам тээвэрлэлт, уулын малталтыг нэвтрүүлэх, тогтоон барих зэрэг ажлуудад зарцуулах зардал нэмэгдэж, хүдэр дэх металлын агуулга багасч байна. Ийм нөхцөлд уурхайн хүчин чадлыг хангах, хэрэглэгчийн шаардлагыг хангасан, чанар сайтай бүтээгдэхүүн гаргахад ихээхэн хэмжээний зардал шаардагдаж байна.
Уулын үйлдвэрүүдийн хувьд техникийн дэвшлийг хурдан хурдацтай нэвтрүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Уулын үйлдвэрийн үр ашгийг нэвтрүүлэх үндсэн чиглэл бол олборлолт, баяжуулалт, хүрээлэгч орчинг хамгаалах ажлуудтай холбоотой бүх технологийн процессийг эрчимжүүлэх явдал юм. Баяжмалын чанарыг дээшлүүлэх, хүдрийн ашигт эрдсийг иж бүрэн ашиглах, тэдгээрийн олборлолт ба баяжуулалтын явц дахь хаягдал болон байгаль орчныг бохирдуулах шилжилт (миграци) хөдөлгөөнийг багасгах бодит арга хэмжээний нэг нь хүдэр ба түүнд агуулагдах эрдсийн шинж чанарт технологийн эхний шат болох тэсэлгээний үйлчлэлийг тодорхой чиглэлтэйгээр үйлчлүүлэх явдал юм гэдэг нь сүүлийн жилүүдийн судалгааны ажлууд харуулж байна.
Орчин үеийн практикт байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй болон олборлолт баяжуулалтанд эерэгээр үйлчилж байгаа тэсэлгээний ажлын үр дагаврыг иж бүрэн тооцсон нэгдсэн аргачилал алга байна. Одоо байгаа тэсэлгээний ажлыг оновчлох шалгуур нь зөвхөн тухайн тухайн процессуудын хамаарлыг авч үзсэн шинж чанартай байна. Ийм учраас тэсэлгээний бутлагдал нь олборлох ба баяжуулах технологийн процессууд, экологийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг иж бүрэн судалсны үндсэн дээр тэсэлгээний ажлыг оновчлох системийг боловсруулах шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийгдсэн судалгааны ажлын үр дүнг уншигч, судлаач та бүхэнд хүргэж байна.