| 1.1. | Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Дээд боловсролын магистрын зэргийн сургалтыг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр зохион байгуулахад энэхүү журмыг баримтална. |
| 1.2. | Боловсролын талаас төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлүүдэд тулгуурлан суралцагчдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал, судалгаа туршилтын арга зүйг эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд магистрын сургалтын зорилго оршино. |
| 2.1. | Магистрын сургалтын элсэлтийг ШУТИСургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, профессорын багуудтай хамтран зохион байгуулна. |
| 2.2. | Элсэгчдээс гадаад хэл, компьютер болон мэргэжлийн шалгалтыг тус тус авна. Бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн нь 2.5-аас дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. |
| 2.3. | Магистрын зэргийн сургалтанд хамрагдах хүмүүс дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: | - Элсэх анкет | | - Мэргэжлийн ба хувийн чадварыг үнэлж чадах холбогдох сургууль, мэргэжлийн болон удирдах хүмүүсийн батламж, тодорхойлолт | | - Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар | | - Бүртгэлийн хураамж | |
| 2.4. | Монгол улсын хууль тогтоомжын дагуу магистрын сургалтаар элсэн суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэдийг энэ журмын 4,5,6 дугаар заалтын дагуу элсүүлэн суралцуулж болно. Хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу суралцах хүмүүсийн асуудлыг хэлэлцээрт заасан нөхцөлөөр шийдвэрлэнэ. |
| 2.5. | Элсэгч нь өөрийн бакалаврын түвшингийн сургалтаас өөр чиглэлээр магистрын сургалтанд хамрагдаж байгаа бол энэ чиглэлээр бакалаврын сургалтаар зайлшгүй судлах хичээлүүдийг нөхөн үзнэ. |
| 2.6. | Магистрын сургалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоог элсэлтийн шалгалт эхлэхээс сарын өмнө нийтэд зарлана. |
| 2.7. | Магистрын сургалтын түвшний элсэлтийг ШУТИСургуулийн бакалаврын төгсөлтийн хугацаатай уялдуулан хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулна. |
| 2.8. | Элсэлтийн шалгалт өгч тэнцсэн мэргэжилтнүүдийг магистрын сургалтанд суралцуулах тухай ШУТИСургуулийн Ректорын тушаар гарч элсэгч магистрант болно. Тушаалаар магистрантын сургалтын чиглэл, төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, мөн зөвлөгч хоёр хүртэл багшийг хамт батална. |
| 2.9. | Магисрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь магистраас доошгүй зэрэгтэй, холбогдох мэргэжлийн сургалтын чиглэлээр 3-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг байна. |
| 3.1. | Бакалаврын сургалтын кредитийг оролцуулан магистрын түвшний сургалтын агуулгын багтаамж нь 150 кредит (үүний 30-аас цөөнгүй кредит нь магистрын түвшний сургалтанд хамаарах) –аас доошгүй байна |
| 3.2. | Бусад их сургуулиудын магистрын сургалтыг дүүргэсэн буюу магистрын сургалтаас шилжиэн ирж суралцагчид нь ШУТИСургуулийн магистрын сургалтын нийт кредитийн 40 хүртэл хувийг дүйцүүлэн тооцуулж болно. |
| 3.3. | Магистрын түвшний үндсэн сургалт нь ШУТИСургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр төвлөрч явагдана. |
| 3.4. | Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөг тухайн мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд сурч авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх, сургах арга нь судалгаа, шинжилгээний зарчимд тулгуурласан байхаар боловсруулна. Магистрант нь сургалтын сүүлийн улиралд магистрын зэргийн төгсөлтийн ажилаа хамгаална. |
| 3.5. | Магистрын сургалтын төлөвлөгөөгөөр орох хичээлүүд тодорхой кодтой байна. Код нь 3 үсэг, 3 оронтой тооноос бүрдэнэ. Эхний нэг үсэг нь тухайн сургуульд харгалзах код байх ба дараагийн 2 үсэг нь харъяа профессорын багийн код байна. 3 оронтой 500-599 гэсэн тооны хувьд магистрын түвшний сургалт дахь хичээл болохыг тодорхойлно. |
| 3.6. | Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөг ШУТИСургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, ШУТИСургуулийн Ректор батална. |
| 3.7. | Магистрын сургалтын мэдлэгийн үнэлгээний систем нь баеалаврын шатлалын сургалтын системтэй адил байна. |
| 3.8. | Бакалавр, магистрын шатлалын сургалтын төлөвлөгөө нь хоорондоо логик уялдаатай байх бөгөөд бүтцийн хувьд ижил байна. |
| 3.9. | Магистрын төгсөлтийн ажил болон хураангуйг монгол ба англи хэлний аль нэг дээр бичнэ. Магистрын төгсөлтийн ажил, түүний хураангуйн хувийг ШУТИСургуулийн Эрдэм шинжилгээний номын сан, бүрэлдэхүүн сургуулийн номын санд албан ёсоор өгч бүртгэлд оруулан хадгална. |
| 3.10. | Магистрын төгсөлтийн ажилд 6-аас илүүгүй кредит ноогдуулна |
| 3.11. | Магистрант нь бүх судалж үзсэн хичээлээр С-ээс доошгүй үнэлгээтэйгээр сурах үүрэгтэй. |
| 3.12. | Магистрант оюутны нийт суралцсан хугацааны үнэлгээний голч дүн (GPA) нь 3.0 ба түүнээс доошгүй байна. |
| 3.13. | “Магистрын зэрэг хамгаалуулах байнгын зөвлөл”-ийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр сургуулийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн Ректорын тушаалаар баталж, БСШУЯамны Шинжлэх ухаан технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга батламжилна. |
| 3.14. | Магистрын төгсөлтийн ажлыг гүйцэтгэж хамгаалахдаа “Магистрын төгсөлтийн ажил гүйцэтгэж хамгаалах журам” –ыг баримтална. |
| 3.15. | Мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөн дэх бүх хичээлүүдийг бүрэн үзэж судалсан, тухайн мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалуулах байнгын зөвлөлд ажилаа амжилттай хамгаалсан оюутнуудад магистрын зэрэг олгох шийдвэрийг Магистрын зэрэг хамгаалуулах эрх бүхий байнгын зөвлөл гаргана. Уг шийдвэрийг үндэслэн, ШУТИСургуулийн Ректорын тушаалаар дээд боловсролын магистрын зэрэг олгож, дипломыг гардуулна. |
| 4.1. | Магистрант нь бакалавр оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тэдний судалгааны болон дадлагын ажлыг удирдах эрхтэй. |
| 4.2. | Магистрантын сургалтын төлбөрийг тухайн мэргэжилтнийг сургаж байгаа байгууллага, бусад аж ахуйн нэгж, пүүс, компани ба суралцагч хувиасаа өөрөө төлнө. Магистрант нь төрийн зээлийн сангаас зээл авч суралцаж болно. |
| 4.3. | Магистрын сургалтаар мэргэжлийн прлфессор, багш нараас заах хичээлүүдтэй холбогдох тооцоог Сургалтын бодлого зохицуулалтын газраас хянаж, зохицуулна. |
| 4.4. | Сургалтын төлбөрийн хэмжээ (нэг кредитийн үнэлгээ)-г жил бүр тооцоолж, ШУТИСургуулийн Удирдах зөвлөлөөр батлуулж байна. |
| 4.4. | Бакалаврын сургалтын 90-ээс дээш кредитийг биелүүлж, голч үнэлгээ нь 2.5-аас дээш шалгагдсан бакалаврын түвшний сургалтын оюутан цаашид магистрын сургалтанд үргэлжлүүлэн суралцах зорилгоор магистрын сургалтын зарим хичээлүүдийг сонгон суралцаж болно.
|