1972 онд Уул уурхайн тэнхим байгуулагдсан үеэс эхлэн Шарын голын нүүүрсний уурхайн өрөмдлөг тэсэлгээ, экскаваторын ажлын судалгааг ЮНЕСКО-гийэ завлах профессор Т.Е.Жакуповын удирдлаган дор Б.Ишмэнд, Б.Лайхансүрэн хийж гүйцэтгэсэн нь анхны судалгааны ажил байв.
ОХУ-ын Тула хотын ПДС-ийн багш доц. А.Ф.Симакин (1974 он) мэргэжилтнээр ирж ажилласан нь судалгааны ажлын чиглал бий болгох боломж бүрдэж Налайх, Шарын голын уурхайн ажлын байрны тоосжилтыг багасгах” ажлыг хийж үйлдвэрлэлд шилжүүлсэн нь зохих үр дүнтэй судалгаа болсон юм.
Эрдэм шинжилгээний ажлын хүрээ, чиглэлийг өргөжүүлэн Эрхүүгийн УТИС-тай хамтран Уурхайн технологи, хөдөлмөрийн нөхцөлийн судалгааны ажлыг (Б.Ишмэнд, Ц.Өлзий-Орших, Б.Лайхансүрэн, С.Цэдэндорж, Ц.Очир) хийсэн нь хоёр сургуулийн уул уурхайн салбар дахь судалгааны ажлын эхлэл (1975-1979) болж, Бэрхийн уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлын судалгааг хийж гүйцэтгэсэн нь хүдрийн уурхайн чиглэлээр хийсэн анхны ажлын үр дүн байв.
Багануурын нүүрсний уурхайн байгуулагдан ажиллаж байсан анхны жилүүдэд (1978 он) багш нар уурхайн инженерүүдтэй хамтран хийсэн Багануур, Таван толгойн нүүрсний ил уурхайн тэсэлгээний технологийг судлах ажил (1980-1981) нь нүүрсний шинэ ордуудыг ашиглах үеийн техник технологийг оновчтой сонгоход чухал ач холбогдолтой байлаа.
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн захиалгаар тус үйлдвэрийн техник технологийн судалгааны ажлыг (1983-1985) ОХУ-ын мэргэжилтэн багш доц. Л.А.Сорокин, Ю.А.Горячих нарын удирдлагаар багш нар хийж гүйцэтгэсэн нь өндөр үнэлэлт авч үр ашгаа өгсөн юм.
Шарын голын уурхайн техникийн ашиглалт, технологийг боловсронгуй болгох ажлын хүрээнд (1992 он) уурхайн хөрс хуулалтын ажлыг дотоод овоолгод шилжүүлэх боломжийг тодорхойлох, өрөмдлөг тэсэлгээний ажлын технологийг судлан, чулуулгийн массивын тогтоц, геологи-структурын онцлогийг харгалзан тэсэлгээний ажлын гол параметруудыг оновчлох арга зүйг боловсруулан, уурхайн нөхцөлд туршин практик үр дүнг тодорхойлох, уул тээврийн тоног төхөөрөмжийн түлшний үр дүнг үйлдвэрийн ажиллагаанд хэрэгжүүлж эхэллээ.
Манай эрдэмтэн багш нар эрдэм судлалын ажлын туршлага хуримтлуулж тодорхой чиглэлүүдээр тэргүүлэх эрдэмтэдтэй болж асуудал судлах лаборатори, судалгааны группууд бий болж, уурхай үйлдвэрийн газруудтай хамтран ажиллаж, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүллээ. ШУТИС-ийн уул уурхайн салбар байгуулагдсанаас хойшхи хугацаанд:
- Тэсэлгээний ажлын технологи, параметрийн оновчлол, тэсрэх бодисын судалгаа (доктор (Sc.D), проф. Б.Лайхансүрэн)
- Ил уурхайн өрмийн техник, технологийн судалгаа (доктор (Ph.D), проф. А.Хайдав)
- Ил уурхайн ашиглалтын технологийн судалгаа (доктор (Ph.D), дэд проф. С.Цэдэндорж, доктор (Ph), дэд проф. Л.Пүрэв)
- Хайлуур жоншны баяжуулалтыг тэсэлгээний энергээр нэмэгдүүлэх (доктор (Ph.D), дэд проф. Ц.Очир)
- Ил уурхайн тээврийн тоног төхөөрөмжийн судалгаа (доктор (Ph.D), дэд проф. Б.Пүрэвтогтох)
- Ил уурхайнуудын экскаваторын найдвартай ажиллагааны чанарын удирдлага (доктор (Sc.D), проф. Ц.Нанзад)
- Ил уурхайн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, автоматжуулалт (доктор (Ph.D), дэд проф. Г.Дорж, доктор (Ph), дэд проф. Ж.Цэвэгмид)
- Уул уурхайн үйлдвэрүүдийн нөхөн сэргээлт, экологийн үнэлгээ (доктор (Sc.D), проф. Я.Гомбосүрэн)
- Шинжлэх ухаан техникийн дэвшлийн төлөвлөлт (доктор (Ph.D), дэд проф. Ж.Бямба-Юу)
- GPS-ийн технологиор улсын геодезийн тулгуур сүлжээ байгуулах (доктор (Ph.D), дэд проф. А.Дамдинсүрэн, доктор (Ph) Ж.Алтанцэцэг)
- Хуурай аргаар баяжуулах технологи (доктор (Ph.D), дэд проф. Б.Алтантуяа)
- Нүүрсний хаягдал бохирдлын судалгаа (доктор (Ph.D) Д.Дондов)
- Нүүрс брикетлэх, утаагүй түлш бэлтгэх судалгаа (доктор (Ph.D) Г.Бадамхатан)
зэрэг эрдэм шинжилгээний ажлын чиглэлүүдээр, үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн ажиллаж байна.